•  Нүүр
  • Сургалт
  • Зөвлөх болон Мэргэшсэн инженерийн сургалт
  • Зэрэг олгох Зөвлөлийн дүрэм

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

1      НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Энэхүү дүрмээр “Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, магадлан итгэмжлэх зөвлөл”(цаашид “Зөвлөл” гэх)-ийн үйл ажиллагааг зохицуулна.
  2. Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
  3. Зөвлөлийн зорилго нь мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, магдалан итгэмжлэх,ахиулах, сунгах болон цуцлах (цаашид “мэргэшлийн зэрэг олгох” гэх) ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих энэхүү тогтолцоог цаашид тасралтгүй сайжруулж боловсронгуй болгоход оршино.
  4. Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг мэргэшлийн зэрэг горилогчдын төлбөр, хандив тусламж болон бусад орлогоос гаргана.

2      ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГА

  1. Мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохих журмын дагуу удирдан зохион байгуулах, үүнтэй холбогдсон асуудлуудыг судлах, хэлэлцэж шийдвэрлэх ажлыг гүйцэтгэнэ.
  2. Зөвлөлийн хурал нь асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргах ажиллагааг явуулна.
  3. Мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зэрэгтэй мэргэжилтний тодорхойлолт, мэргэшлийн хүрээ, эрхлэх ажил, үйлчилгээний чиглэл зэргийг хэлэлцэж батлана.
  4. Мэргэшлийн зэрэг горилогчдыг шалгаруулахтай холбогдсон журмуудыг боловсруулан батлуулж мөрдөнө.
  5. Зөвлөлийн орлогч дарга нь хэлэлцэх, шийдвэрлэх асуудлаас хамааруулан зөвлөлийн бүрэлдэхүүнээс тухайн хуралд оролцох гишүүдийг сонгох ба зөвлөлийн хурлын ирц нь 50 ба түүнээс дээш хувьтай байх ёстой. Шаардлагатай зарим тохиолдолд зөвлөлийн хурлыг онлайн хэлбэрээр зохион байгуулж болно.
  6. Зөвлөлийн шийдвэр нь хуралд оролцож буй гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн санал авсан тохиолдолд хүчинтэй болно.
  7. Зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн шийдвэр гаргах бөгөөд зөвлөлийн даргын тогтоолоор баталгаажуулна. Шаардлагатай тохиолдолд зөвлөлийн зэрэг олгох эцсийн шийдвэрээс бусад шийдвэрийг зөвлөлийн орлогч дарга баталгаажуулж болно.

3      ЗӨВЛӨЛИЙН ЭРХ

  1. Зөвлөл өөрийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулахтай холбогдсон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ажлын төлөвлөгөө баталж, тайланг хэлэлцэнэ.
  2. Мэргэшлийн зэрэг горилогчдын сургалтын төлбөрийн хэмжээг тухайн үеийн инфляцийн түвшинг харгалзан тооцож тогтооно.
  3. Мэргэшлийн зэрэг олгох шалгалтын комиссыг /цаашид комисс гэх/ Зөвлөлийн орлогч дарга /шалгалтын комиссын дарга/-ын тушаалаар байгуулна.Комиссын гишүүдэд тухайн салбарын тэргүүлэх мэргэжилтэн, их дээд сургуулийн профессор багш, эрдэмтдээс сонгон оролцуулна.
  4. Зөвлөл нь шаардлагатай гэж үзвэл комиссын шийдвэрийг хүчингүй болгох, шинээр томилох, шалгалтыг дахин зохион байгуулах эрхтэй.

4      ЗӨВЛӨЛИЙН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

  1. Зөвлөлийн гишүүд /цаашид гишүүд гэх/ нь мэргэшлийн зэрэг олгох сургалт, шалгалтын бүхий л үе шатыг аль болох ашиг сонирхолын зөрчилгүй, хөндлөнгийн нөлөөгүй байх зарчмыг баримтлан зохион байгуулж, хяналт тавина.
  2. Гишүүд нь зөвлөлийн үйл ажиллагаанд оролцохдоо холбогдох дүрэм, журмыг чанд баримтлан үнэнч, шударга ажиллана.
  3. Зөвлөл нь шалгаруулалт явуулж дууссанаас хойш 30 хоногийн дотор зэрэг олгосон, ахиулсан, сунгасан болон цуцласан эцсийн шийдвэр гаргаж вэб хуудсаар мэдээлэх болно.
  4. Мэргэшлийн зэрэг олгохтой холбогдсон асуудлаар өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч барагдуулна.
  5. Сургалтын чанар, багш нарын талаар төгсөгчдөөс чөлөөтэй, нээлттэй үнэлгээг авч үйл ажиллагаандаа дүгнэлт хийж сургалтын агуулга, боловсон хүчнийг сайжруулж ажиллана.
  6. Энэхүү журамд заагдаагүй нөхцөл байдлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн актыг баримтлан шийдвэрлэнэ.

5      ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ

  1. Зөвлөл нь үйл ажиллагаагаа жилд нэг удаа Салбарын төрийн захиргааны дээд байгууллагын удирдлагад тайлагнана.
  2. Зөвлөлийн үйл ажиллагаанд мэргэжлийн холбоод, бусад зохих шатны хяналтын байгууллагууд хяналт тавьж болно.